МАН Энхбатын Болормаа
Ховд аймгийн Засаг дарга
2021 оны есдүгээр сараас эхлэн Ховд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн даргаар ажиллаж буй Энхбатын Болормаа нь АНУ-ын Орегоны Их сургуульд эдийн засагч мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалж, Колумбын Их сургуульд хөгжлийн бодлого, төрийн удирдлагын чиглэлээр мэргэжил дээшлүүлжээ.
Улмаар Дэлхийн банк, НҮБ-ын "Ногоон Уур Амьсгалын Сан", "Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк" тэргүүтэй олон улсын байгууллагуудад үндсэн ажилтнаар туршлага хуримтлуулсан аж. Тодруулбал, 2015 онд батлагдсан Дэлхийн банкны уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх төлөвлөгөөг боловсруулахад гар бие оролцож, НҮБ-ын "Ногоон Уур Амьсгалын Сан"-д Ази, номхон далайн улс орны төсөл хөтөлбөрүүдийг боловсруулах, санхүүжилтийг нь шийдэх ажлуудыг гүйцэтгэсэн төдийгүй 2021 онд "Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк"-нд анхны үндсэн монгол ажилтнаар ажиллаж байв.
Түүний улс төрийн карьер нь 2021 онд Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын албаны даргаар эхэлсэн бөгөөд энэ хугацаанд Шинэ сэргэлтийн бодлогын ажлын хэсгийг ахалж, эх орныхоо дараагийн 10 жилийн дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Ингээд мөн оны есдүгээр сарын 2-ны өдрөөс Ховд аймгийн Засаг даргын албаа хүлээн авч, Монголын анхны эмэгтэй Засаг дарга хэмээх тодотголыг хүртжээ.
Тэрээр 2024 оны УИХ-ын сонгуулийн 2-р тойрогт МАН-аас нэр дэвшиж байна.