Буянжаргалын Болороо
Активист
2012 онд МУИС-ийг улс төр судлаач, нийгэм судлаач мэргэжлээр төгссөн тэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүний эрхийн чиглэлээр өөрийн үзэл бодлоо нээлттэй бөгөөд идэвхтэйгээр илэрхийлдэг нэгэн. Бага балчир байхаасаа тархины саажилтаас үүдсэн суралцахуйн олон бэрхшээлийг даван туулж, уйгагүй зүтгэлийн дүнд дээд боловсрол эзэмшсэн түүхээ 2017 онд TEDx Ulaanbaatar-ийн тайзнаа хуваалцаж байсан нь олон хүнд урам зориг өгч, өөртөө итгэх итгэлд нь эерэг жишээ болж байв.
Түүний хувьд 2014-2015 оны хооронд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэвлэлийн ажилтнаар ажиллаж байсан бол 2016 оноос хойш одоог хүртэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны "Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар"-т хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль тогтоомж, нийгмийн оролцооны асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна.